Биеийн тамир спортын газар 70 жилийн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/6 Булган аймгийн биеийн тамир, спортын газрын түүхт 70 жилийн ойг ирэх 9-р сард тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.
Тус аймгийн спортын байгууллага 1947 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Улсын биеийн тамир, спортын хороо байгуулагдахад Аймгийн захиргааны соёлын хэлтсийн дэргэд Биеийн тамирын хэрэг эрхлэх хороо нэртэй үүсч Улаанбаатар хотын “Хөдөлмөр” нийгэмлэгт харъяалагдаж байсан байна. Монголын биеийн тамирчдын анхдугаар хурлын шийдвэрээр 1960 онд Булган нийгэмлэг байгуулагдаж байжээ.
Булган аймгийн тамирчид Монголын бүх ард түмний спартакиадад 1961, 1964, 1968, 1972 онуудад аймгуудаас улсад 1 байр, үндэсний бөхөөр 1966, 1983, 2002, хөнгөн атлетикийн төрлөөр 1983, 1984, 1985, 2007 онуудад 1-р байр эзэлсэн бол цанын спортын төрлөөр 15, тэшүүрийн спортоор 11 удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлсэн зэрэг амжилтыг үзүүлсэн байна.
Тус аймгийн тамирчдаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 1, Ардын багш 1, гавьяат тамирчин 7, гавьяат дасгалжуулагч 3, ОУХМ 43 төрөн гарсан юм.
М.Батжаргал