Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдийг төсөлд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-22 16:36:20

Дорнод /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангаас өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийг эхлүүлж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, БСУГ-ын дарга О.Байгалмаа нарын холбогдох албаны хүмүүс Японы Хүүхдийг ивээх сангийн Дорнод салбарын төлөөлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Улсын хэмжээнд Архангай, Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн 26 сум, 4 баг буюу 31 сургууль дээрх төсөлд хамрагдаж байна. Энэхүү төсөл нь зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах,  аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд  боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, цаашдын чадавхийг хөгжүүлэх зорилготой.

Дорнод аймгийн хувьд өвлийг хохирол багатай ч хүндхэн давсан, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед дээрх төсөл хэрэгжиж эхэлж байгаа нь нүдээ олсон ажил гэж иргэд дүгнэлээ. Төсөл тус аймгийн  Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр зэрэг 7 суманд  энэ оны 03-р сарын 01-ээс ирэх оны 02-р сарыг дуустал хэрэгжинэ.

Б.Туяа

相关新闻