Аймгийн төвд оршин суугчдын гуравны хоёр нь усны мөнгөө төлдөггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдөртэй холбогдуулан Дорнод аймагт “Ундны усны эрүүл ахуйн хэлэлцүүлэг”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эссээ бичлэг, гар зургийн уралдаан, Улз, Буйр нуурын сав газрын захиргаадын уулзалт зэрэг олон төрлийн ажил зохиож байна.
Чойбалсан хотын хэмжээнд 16461 өрх шугамаар усаа авдаг. Өнгөрсөн жил гэр хорооллын усан сангуудыг шинэчилж засварласнаар ундны усны эрүүл ахуйн байдал харьцангуй сайжирсан, харин орон сууцны айлуудын ундны усанд төмрийн агууламж өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа гэдгийг МХГ-аас анхааруулж байгаа юм. Учир нь орон сууцны дундын өмчлөлийн магистраль шугам муудсанаас усны чанарт муугаар нөлөөлөх болжээ. Хууль дүрмээрээ бол магистраль шугамуудыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан шинэчлэх ёстой ч Дорнод аймгийн төвд оршин суудаг айл өрхүүдийн дөнгөж 1/3 нь хураамжаа төлдөг учраас хөрөнгө мөнгөний асуудал хүнд гэдгийг учирлаж байна. Тодруулбал, орон сууцны өрхүүдийн усан дахь төмрийн агууламж хэвийн хэмжээнээс 5 дахин өндөр гарчээ.
Дорнод аймагт Хэрлэн голоо дагасан усны эх үүсвэрийн 8 худаг бий. Одоогоор дөрөв нь ажиллах боломжтой ч хоёр худгийг байнга ажиллуулж байгаа юм.
Б.Туяа