Ц.Бат-Өлзий: Нягтарсан их цас ханзрахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын орлогч Цэрэндондогийн Бат-Өлзийтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Мал төллөлт, хаваржилтын байдал ямар байна вэ?
-Мал төллөдөг цаг хугацаа болж орон даяар төлийн дуу малчны хотонд цангинаж байна. Бэлчээрийн мал аж ахуй малладаг амьдардаг Монголчуудын хувьд ид оргил ажлын цаг гэж болно. Булган аймагт 3,4 сая мал хаваржиж байна. Мал төллөөд эхэллээ. Тав шахам мянган төл бойжиж байгаа. Энэ хавар 1,3 мянган төл хүлээж авна. Малчид иргэдийнхээ хүчээр төлөвлөсөн хэмжээний төлийг хүлээж авна гэж үзэж байна.
Өнгөрсөн өвөл нэлээд цастай өвөлжлөө. Ялангуяа хойд талын сумдаар цасны зузаан их ахиу байна. Намар цас эрт орсон. Түүнээс хойш олон удаагийн давтамжтай цас нэмэгдэж зузаарлаа. Өвлийн улиралд цас нэлээд хатуурч нягт чангарсан. Энэ байдал нь хавартаа их нөлөөлж байна. Өдөртөө дулаарч байгаа ч цас ханзрахгүй байна шүү.
Өвлийн улиралд хэдийгээр мал хорогдож эдийн засагт хохирол бага үзүүлсэн ч гэсэн олон хоногийн зузаан цастай бэлчээрт мал бэлчээрлэхээрээ их сульддаг юм байна. Адуу их турлаа. Ер нь мал их сульдуу, тамирдуу, хээлтэгч мал нэлээд турж эцсэн, нэг хүртэлх насны мал нэлээд ядарлаа. Мал аж ахуйн байдал амаргүй байна.
Одоогоор 10000 гаруй мал хорогдсон мэдээ бий. Орхон суманд нэлээд бэрхшээлтэй, тэнд 2000 гаруй мал хорогдсон байгаа. Хангал, Бугат, Сэлэнгэ, Тэшиг зэрэг суманд хаваржилт тавгүй, арга ажиллагаа, зохион байгуулалт нэмүү шаардсан нөхцөл үүссэн байна.
-Малын цэцэг өвчин дэгдэж өвөлжилтийн байдалд тавгүй нөлөө үзүүлэх шиг боллоо. Хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Өнгөрсөн өвөл манай аймагт малын цэцэг өвчин гарлаа. Энэ нь мал аж ахуй, малчдын амьдралд нэлээн хүнд нөхцлийг үүсгэсэн. Олон хонь устгасан. Мөн аймгийн төсөв санхүүд ч зохих хохирол учрууллаа. Цэцэг өвчинтэй тэмцэх, голомтыг устгах хязгаарлах арга хэмжээнд 100 орчим сая төгрөгийн зардал гаргаад байна.
Хавар болж мал аясаараа ядардаг цаг хугацааг дагаад малын халдварт болон халдваргүй өвчин дэгдэх хандлагууд ажиглагдаж байгаа. Үүнд мал эмнэлгийн байгууллага мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.
-Малын өвс тэжээлийн хүрэлцээ хангамж ямар байна вэ?
-Өнгөрсөн зун газрын гарц гайгүй байсан учраас иргэд, байгууллага хадлан тэжээл сайн бэлтгэсэн. Одоогоор аймгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг сумдад хуваарь гаргаад хүргүүлж байна. 12000 боодол өвс аймгийн нөөц бэлтгэсэн байсан түүнийхээ 50 орчим хувийг малчдад бэлтгэсэн үнээр нь олгож байгаа. Мөн 130 гаруй тонн хүчит тэжээл байсныг хуваарилан өгсөн. Улсын нөөцөд тодорхой хэмжээний нөөц бий. Түүнийг малчдад өгөхөөр шийдэж байна.
-Цагаан сараас өмнө зарим сумын малчны өвсний нөөц багассан тухай ярьж байсан. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Булган, Орхон сумын малчдын өвсний нөөц бага болчихоод байна. Малчдаас өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ их байна, тусламж үзүүлэх санал тавьж байна.
Тэшиг, Сэлэнгэ суманд өвсний нөөц муу боллоо.
Тэшиг суманд 20-иод тонн хүчит тэжээл, 20 тонн өвсийг аймгийн нөөцөөс хүргүүлсэн. Сэлэнгэ сумын Атар багт өвс тэжээл хэрэгцээтэй байна гэсэн хүсэлтийн дагуу өвс тэжээл өгөхөөр шийдвэрлэсэн.
Улсын нөөцөөс өвсийг үнэгүй, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ирүүлснийг сумдад хүргүүлээд байна.
М.Батжаргал