Чөлөөт бөхийн олон хотын тэмцээн анх удаагаа Өмнөговьд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Өсвөрийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээнийг Өмнөговь аймагт анх удаа зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудыг чөлөөт бөхийн спортод татан оруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нөлөөлөх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймгийн Даланзадгад суманд дээрх тэмцээнийг аймгийн Засаг даргын нэрэмжит болгон Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулан явууллаа.
Тус тэмцээнд олон хотын 22 байгууллагын 480 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьж оролцжээ. Энэхүү тэмцээнд Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Улаанбаатар, Дорноговь, Багахангай Хэнтий, Багануур хотын тамирчдаас Өмнөговь аймгийн Ханбогд дэвжээний өсвөрийн бөхчүүд багаараа тэргүүлжээ. Мөн энэ үеэр Ханбогд бөхийн дэвжээний дасгалжуулагч Б.Эрхэмбаатар Монгол улсын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал "Ялалтын одон"-оор шагнуулсан байна.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, тэмцээний шүүгч, дасгалжуулагч нар гардуулан өгч баяр хүргэж амжилт хүсчээ.
Д.Мишигсүрэн