“Морин хуур, уртын дуу” дэд хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-19 10:42:56

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Морин хуур, уртын дуу” дэд хөтөлбөрийг 2020 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр баталлаа.

Үндэсний түүх, соёл, уламжлалт өв, ёс заншил, ардын мэдлэг ухаан морин хуур, уртын дууг хадгалж хамгаалах, уламжлах, судалж сурталчлах, дуулж, хуурдах эрдэмд сургах хөдөлгөөн өрнүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг төрт ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгоход чиглэсэн хөтөлбөр юм.

Морин хуурын чуулга байгуулах, хоёр жил тутам ардын урлагийн наадам, жил бүр морин хуурчид, уртын дуучдын бие даасан тайлан тоглолт, Монгол Улсын анхны алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэвийн нэрэмжит “Өсвөрийн морин хуурчид” уралдааныг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

Өнгөрсөн 4 жилд “Морин хуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн баяр наадмын талбайд 700 морин хуурч тоглож байсан урамжлал бий. Аймгийн хэмжээнд 2350 айл өрх, 102 байгууллага, 54 аж ахуйн нэгж морин хуур залж, сурах хөдөлгөөн өрнүүлж байгаа судалгаа байна.

Мөн сум бүрт уртын дууг өвлөн суралцагсад 5-аас доошгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа аж.

М.Батжаргал

相关新闻