Эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг 14,1 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-18 13:26:30
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр дээр нийт  146 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс  14,1 хувиар өсч, гэмт хэргийн улмаас 25 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор зургаан хүний амь нас хохирсон байна.

Аймгийн Цагдаагийн газарт иргэд байгууллагаас ирсэн нийт 789 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Захиргааны зөрчил 10833 бүртгэгдэж, архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 155 иргэн саатуулагдаж, 12 иргэн шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдав. 

Гарсан гэмт хэргийг төрлөөр үзвэл иргэний эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 50, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 22, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг 28, хүчин хоёр, иргэдийн өмчийн хулгай 24, малын хулгай 30, танхай найм, залилан гурав, тээврийн хэрэгслийн албан ба албан бус журмын эсрэг гэмт хэрэг 11, байгаль орчны эсрэг гэмт хэрэг тав тус тус үйлдэгдсэн байна гэж аймгийн Цагдаагийн газрын ОНХ, ахлах байцаагч ЦГ-ын ахмад М.Нансалмаа хэллээ.

Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг иргэний эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, иргэдийн өмчийн хулгай, малын хулгай эзэлж байгаа юм. Эдгээр төрлийн гэмт хэргүүд нь иргэдийн өөрсдийн хариуцлагагүй, сонор сэрэмжгүй байдал мөн хүмүүсийн хоорондын харьцаа, хувь хүний ёс суртахуун, архидалттай холбоотойгоор үйлдэгдэж байгааг тэрээр дурдсан юм. Мөн дээрх байдал нь хулгайн гэмт хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болж байгааг иргэд анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻