Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх Y-PEER клубын сайн дурын идэвхтэн залуус Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Г.Төгсжаргалд өөрсдийн биеэр гэрт нь очиж хүрч үйлчлэв.
Төгсжаргалын хувьд 27 настай ч тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг. Идэвхтэн залуучууд Төгсжаргалын гарыг нь зүгшрүүлэх зорилгоор буддаг ном авч өгч будуулах, өнгө таниулах, хөдөлгөөнт тоглоомыг бичлэгээр үзүүлэх зэргээр түүнд амьдрах урам зориг хайрлав.
-Төгсжаргал маань аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Тэргэнцэр дээр ч явдаггүй болохоор бидний хувьд гэрт нь “Хүрч очих үйлчилгээ” үзүүлэхийг зорьсон. Түүнтэй яг харьцаад яриад эхлэхээр сэтгэл нь сэргээд заасан зүйлийг сурах эрмэлзэл дүүрэн байгаад нь бид ч баяртай байгаа гэж Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч Т.Хандсүрэн ярьж байлаа.
Тус клуб энэ онд байгуулагдаж, одоогоор сайн дураар нэгдсэн 50 гаруй гишүүнтэй, тэдний 12 нь сургагч багшаар бэлтгэгдэн, өөрсдийн үеийн хэвтрийн залууст 7 хоног бүрийн хоёр өдөр хүрч үйлчлэх үйлчилгээг үзүүлдэг юм байна.
Б.Туяа