Тусламжийн 2-р ээлж сумдад хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан “Манна хөгжил” ТББ Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын малчдад 2-р ээлжийн тусламжаа хүргэж байна. Дээрх сумдын 265 өрх тус бүрт 30 боодол өвс буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
Өмнө нь тус төрийн бус байгууллага Баян-Уул сумын 180 өрх, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумын 90 өрх бүрт хагас тн нүүрс, шуудай түлээ, 25 кг гурил, 5 кг цагаан будаа болон өвлийн куртик, гутал зэргийг хүргүүлжээ.
Мөн тэд өнгөрсөн хаврын түймэрт хохирол амссан Сэргэлэн, Хөлөнбуйр суманд тусламж үзүүлж байсан удаатай.
Дорнод аймгийн хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 96 хувьтай хангагдсан ч хаврын тэнгэр хартай гэдэгчлэн болзошгүй үед бэлтгэлтэй байх үүднээс тус аймгийн удирдлага ОУ-ын болон ТББ-уудад хүсэлт тавьсан нь ийнхүү эхнээсээ биеллээ олж байна.
Б.Туяа