Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар хоригдсон сэтгүүлч суллагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-23 14:30:43

ТАШКЕНТ. /BBC/. Узбекистаны сэтгүүлч, сөрөг хүчний идэвхтэн Мухаммед Бекжанов шоронд 18 жил хоригдсоны эцэст суллагдлаа.

Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч асан Ислам Каримовын аминд халдахыг завдсан хэргээр ял сонссон байна. Бекжанов хэлэхдээ "намайг эрүүдэн шүүж байсан тул хуурамч мэдүүлэг өгч, хилс хэрэг хүлээсэн" гэжээ. Тэрбээр тус улсаас хөөгдсөн сөрөг хүчний тэргүүн асан Мухаммед Салихын дүү аж.

Мухаммед Бекжанов болон түүнтэй хамтран ажилладаг байсан Юсуф Рузимурадов нар бол дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар шоронд хоригдсон сэтгүүлчид юм. Ю.Рузимурадов одоогоор суллагдаагүй байна. Бекжановыг сулласан нь 12 дугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевын засгийн газрын бодлогод өөрчлөлт гарч байгаагийн илрэл гэж BBC телевизийн шинжээч үзэж байна.

Ерөнхийлөгч агсан Каримов бол лалын хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх нэрийдлээр өөр үзэл бодлыг хориглодог байсан Азийн хамгийн хатуу чанга дарангуйлагчдын нэг байсан юм.

Бекжановыг лхагва гарагт сулласан талаар түүний ойр дотныхон болон хүний эрхийн бүлгүүд мэдээлжээ.

Тэрбээр 1999 онд Ташкентыг донсолгосон цуврал дэлбэрэлтийн хэрэгт холбогдон шүүгдэж байсан бөгөөд Украин руу зугтаж, тэндхийн сөрөг хүчнийхний “Эрк” сонинд редактороор ажиллаж байжээ. Харин Украин улс түүнийг болон тус сонинд түүнтэй хамт ажиллаж байсан Юсуф Рузимурадов нарыг Узбекистанд шилжүүлэн өгсөн байна.

Узбекистанд эргэн ирэхэд нь дэлбэрэлт үйлдэхэд оролцсон, хориотой сонин хэвлэсэн, засгийн газрыг түлхэн унагахыг оролдсон зэрэг хэд хэдэн хэргийг тэдэнд тулган ял оноожээ. Тэднийг шоронд хоригдож байх үед ялыг нь нэмж, хорих хугацааг сунгасан байна. Шоронд хоригдох хугацаанд Бекжановын эрүүл мэндийн байдал эрс мууджээ. Түүнийг ганцаарчлан өрөөнд шилжүүлсэн тухай өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Сэтгүүлчдийг хамгаалах хороо мэдээлж байсан юм.

Б.Мишээл

 

 

相关新闻