Замын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ 2017” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний хүрээнд Замын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Учир нь сар шинийн өдрүүдэд согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох гэмт хэрэг, зөрчил нэмэгддэг. Мөн аливаа баяр дөхсөн үед зах, төвлөрсөн бөөний цэг, супермаркетуудын орчимд замын хөдөлгөөний бөөгнөрөл үүсч, хулгайн хэрэг үйлдэгдэх нь олширдог байна.
Өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд л гэхэд Дорнод аймгийн Замын цагдаагийн хэлтэс 332 зөрчил илрүүлж байжээ. Гуравхан өдрийн дотор замын хөдөлгөөний 300 гаруй зөрчил үйлдэгдэнэ гэдэг өндөр тоо гэдгийг тэд хэлж байна. Тодруулбал, гудамж замын хяналт шалгалтаар 1865 тээврийн хэрэгслийг шалгаснаас гарал үүслийн бичиг баримтгүй мал мах, мод тээвэрлэсэн 2 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 8, бусад төрлийн 308 зөрчил дутагдал бүртгэгдсэн байна.
Б.Туяа