Шүлхий өвчний гаралт нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Матад суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний гаралт нэмэгдсээр байна. Матад сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 өрхийн 628 толгой мал өвчилснөөс 617-г нь устгаж, шүлхийн шинж тэмдэг илэрсэн 11 толгой малыг устгалд оруулахаар ажиллаж байна гэж тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Матад сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа малчин Д-гийн сууриас хонь, ямаа шүлхийгээр өвчилсөн болохыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоосны дагуу 107 ямаа, 22 хонь устгажээ. Матад сум болон зэргэлдээ сумдын малд шүлхийн вакцинжуулалтыг бүрэн хийсэн, одоогоор хяналтын үзлэг 95 хувьтай явна.
Түүнчлэн өчигдөр буюу 2-р сарын 16-нд Хөлөнбуйр сумын хоёр малчин айлын 7 толгой малд шүлхийн шинж тэмдэг илэрч, шинжилгээний дээжийг Улаанбаатар хот руу явуулсан мэдээлэл бий.
Шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байгаатай холбогдуулж, хорио цээрийн дэглэмийг чангатгаж байна.
Б.Туяа