Хотын доторх нийтийн тээврийн чиглэл нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-02 19:01:52

Дорнод аймгийн Чойбалсан хот доторх нийтийн тээврийг гурван чиглэлээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аймгийн төв дотор үнэ төлбөргүй чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.

Өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Танк-Бунхны малчин хороолол, Төмөр зам - Музейн чиглэл, 10-р баг-Аривжих дэлгүүр-2-р баг-54 дүгээр дэлгүүр гэсэн гурван чиглэлд нийтийн тээврээр зорчдог байсан. Тэгвэл нийтийн тээврийн чиглэлийг нэмэх талаар ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийг харгалзан үзэж, 1-р баг Силикат - Музей, 4-р баг Өвөр-Эрээн - Танк, Шүр зах – 5-р баг гэсэн гурван чиглэлийг нэмэхээр урьдчилсан байдлаар тогтоожээ. Дээр дурдсан чиглэлүүдийн буудал, зогсоол, маршрут зэргийг тухайн багийн иргэдийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг үйлчилгээний газруудад ойр байлгахаар зурагласан байна.  

Б.Туяа

相关新闻