“Сүрьеэгүй Сэлэнгэчүүд” аяныг 2016-2020 онд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл, тэр дундаа олонд эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэх хандлагатай байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлсэн юм.
Энэ нь хавьтлын үзлэг шинжилгээнд хамрагдалт жигд биш, сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь ядуу амьдралтай ажил, орлогогүй хүмүүс байгаагаас үүдэлтэй гэнэ. Тус өвчнөөр өвчилсөн тохиолдолд олон хүчтэй эмийг зэрэг хэрэглэдэг байна. Иймээс дээрх иргэд хоол унд муутай хэмээн татгалзах, эмээ таслах зэрэг нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа ажээ. 2016 онд 17 хүртэлх насны хүүхэд, өсвөр үеийн сүрьеэгийн өвчлөлийн 27 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь хавьтлаас илэрсэн сүрьеэ бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа аж. Иймд “Сүрьеэгүй Сэлэнгэчүүд” аяныг 2016-2020 онд хэрэгжүүлж, сүрьеэгийн иж бүрэн эмнэлгийг тусд нь зохион байгуулахад хамтран ажиллаж , дэмжлэг үзүүлэхийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од аймгийн удирдлагуудаас хүслээ.
Энэ эмнэлэг байгуулагдсанаар энгийн сүрьеэ, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх тасгийг журам зааврын дагуу тусгаарлаж, диспансер, сүрьеэгийн лабораторийг нэг дор төвлөрүүлэх юм байна. Мөн тэрээр “Бид нэг агаартай-сүрьеэгээр хэн ч өвчилж болно” уриан дор өвчилсөн нэгнээ гадуурхахгүй, сүрьеэгээр өвчилсөн бол төгс эмчлүүлж эрүүлжихэд эдийн засаг, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг бусад удирдлагууддаа уриаллаа. Аймгийн ЭМГ-аас сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, үргэлжлэх шатны шууд хяналттай эмийг харж уулгах тогтолцоог орон нутагтаа нэвтрүүлэн, хяналт тавьж ажиллах системийг бий болгохоор ийнхүү зорьж байгаа юм.
Ч.Отгонцэцэг