Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулах товыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-24 15:48:24

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. Хуралдааны эхэнд тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻