Дүүргүүд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төвтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 15:12:33

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өнөөдөр дүүргүүдийн Засаг дарга нартай уулзан 2017 оны зорилт, хөтөлбөрөө танилцуулж, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудлаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ярихдаа, “Манай байгууллага хуулиар заасан үүргээ биелүүлэхийн тулд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн хямралын үед аж ахуй эрхлэгчдийг торгож шийтгэхээс илүүтэй гарсан алдаа, түүнээс гарах сөрөг үр дагаварыг таниулан сурталчлах нь зүйтэй юм. Шадар сайд М.Хүрэлсүх оны эхэнд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ уулзалтаар аймаг, дүүргийн дэргэд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төв байгуулах, хэрэглэгчдэд эрхээ хамгаалах талаар хуулийн мэдлэг олгох тухай үүрэг чиглэл өгсөн. Тиймээс энэ ажлын хүрээнд Засаг дарга нар ирэх гуравдугаар сарын 15-нд болох “Цахим  худалдаан дахь хэрэглэгчийн эрх” сэдэвт  олон улсын хэрэглэгчийн өдрийг хамтран зохион байгуулах, ЕБС-ийн сурагчдад хэрэглэгчдийн эрх, шударга өрсөлдөөний талаар мэдлэг олгох аяныг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Улмаар дүүргийн Засаг дарга нарын дэргэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийг байгуулах шаардлагатай” гэв.

Мөн тэрээр иргэдээс хамгийн ирдэг гомдол бол Сууц өмчлөгчдийн холбооны асуудал байдаг. Дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд гомдол санал хүлээн авах орон тооны нэг байцаагчтай болох талаар  анхаарч ажиллахыг  Засаг дарга нараас хүслээ.

УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ШӨХТГ, Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яаманд СӨХ-ны тухай иргэдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх талаар чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт шалгалт явуулж, үр дүнг УИХ-ын байнгын хороонд танилцуулах шийдэлд хүрэв.

М.Аминаа

相关新闻