Ирэх сард нохой устгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар жилд 3 удаа нохой устгалын ажил явагддаг, эхнийхийг ирэх сард зохион байгуулна гэж Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Даваа ярилаа.
Тус аймгийн тухайд Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн анчидтай гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн онд Чойбалсан хотын хэмжээнд 4374 нохой устгасан мэдээ байна. Энэ ажилд нийтдээ 25 сая төгрөг зарцуулжээ.
Зарим иргэдийн дунд нохой устгалд маш их хөрөнгө зарцуулдаг гэх шүүмжлэл бий. Гэтэл энэ ажлыг гардан хариуцдаг мэргэжлийн хүмүүсийн яриагаар золбин нохой нь эргээд хүнд дамжих элдэв халдварт өвчин тараадгаас гадна нохойд хазуулсан хүн галзуу өвчин тусах магадлал өндөр гэнэ. Ийм учраас урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний мөнгө зарцуулахаас аргагүй юм.
Улаанбаатар хотоос анчид авчирч, тусгай сум хэрэгсэл ашигладаг болохоор өртөг зардал өндөр гардаг байна. Энэ жилийн нохой устгалд 50 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Б.Туяа