Аялал жуулчлалын нэгдэл байгуулагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Р.Зоригтбаатарын санаачилгаар тус аймагт “Аялал жуулчлалын нэгдэл” байгуулагдлаа. Энэ нэгдэлд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болон цаашид эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж 20 шахам байгууллага гишүүнээр элсээд байна.
Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Аялал жуулчлалын суурь зорилтуудыг оруулж чадсан нь тус нэгдлийнхний хувьд эхний томоохон алхам гэж хэлж болно. Энэ зорилтын хүрээнд Дорнод аймгийн аялал жуулчлалын брэнд 5 “бүтээгдэхүүн”-ийг судалж тогтоох, Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурлыг Чойбалсан хотноо зохион байгуулах, хөрш зэргэлдээ 3 улсын Аялал жуулчлалын өдрийг бий болгох гэхчлэн 10 гаруй ажил хийхээр төлөвлөжээ.
Нэгдлийнхэн эхний ээлжинд Халхгол, Баян-Уул сумыг аялал жуулчлалын “брэнд” болгох, үүний тулд жуулчдыг татахын тулд хэзээ, хаана, юуг, яаж хийх гэхчлэн судалгаа шинжилгээний ажлыг нь Дорнод Их сургуулийн судлаач багш нарын баг гардан гүйцэтгэхээр болж ажилдаа ороод байна.
Дорнод аймгийн тухайд Монголдоо төдийгүй дэлхийд ховорт тооцогдох тал хээр нутаг, зэрлэг ан амьтан, үндэстэн ястны хэв шинжийг хадгалсан ахуй соёл, зан заншилтай танилцах, эх орныхоо түүхийг танин мэдэх бүрэн боломжтой юм.
Б.Туяа