Завханд царцсан барилгуудын хөрөнгө шийдвэрлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төрийн байгууллагын удирдлагуудын энэ долоо хоногийн мэдээлэл солилцох ээлжит хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан томоохон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өглөө.
Тухайлбал Барилга хот байгуулалтын яамны дэмжлэгээр цэвэрлэх байгууламжийг Польш улсын санхүүжилтээр барихаар болжээ. Мөн Улиастай хотыг энэ өвөл хөлдөх аюулаас урьдчилан сэргийлж 1.2 км цэвэр усны шугамыг ОНХС-аас 50 хувийг, үлдсэн 50 хувийн санхүүжилт болох 328.7 сая төгрөгийг мөн Барилга хот байгуулалтын яамнаас шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажилд 120 сая төгрөгийг шийдвэрлэж, дурангийн мэс заслын аппарат, ариутгалын аппарат, амьсгалын аппаратыг олгож, зургаан сумын автомашиныг бүрэн шинэчлэхээр болжээ. Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан бас нэгэн чухал асуудал бол диализийн аппарат байхгүйгээс бөөрний дутагдалтай хүмүүс УБ хотруу явах шаардлагатай болдог байсан. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын туслалцаатайгаар шийдвэрлэж, гадаадын төслөөр хоёр ширхэг диализийн аппаратыг оруулж ирэхээр болжээ. Харин Эрчим хүчний яамны шугамаар Улиастай сумын эрчим хүчний шугамын өргөтгөлийн хөрөнгийн 100 орчим сая төгрөг, БСШУСпортын яамнаас царцсан барилгууд болох ХЖТеатрын барилга, Спорт цогцолборын барилга, Их-Уул сумын 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгын хөрөнгийг шийдвэрлэсэн байна. Мөн концессийн гэрээгээр Баянхайрхан сумын сургуулийн 140 сая төгрөгийн засварын ажлын эх үүсвэрийг шийдсэнийг тус тус дуулгалаа.
Төрийн байгууллагуудыг хүнд суртлыг арилгаж хэмнэлттэй ажиллахыг үүрэгдэв
Мөн хурлын үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан төрийн хүнд суртлыг арилгаж зардлыг бууруулж ажиллахыг байгууллагын удирдлагуудаас хүслээ.
Тухайлбал сум байгууллага бүр оны эхнээс эхлэн нэг ч төгрөгийн муу зардал гаргахгүй байх муу зардлыг бууруулах. Сумдад томилолтоор ажиллах асуудлыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж хуваарь гарган байгууллага бүр тус тусдаа машинаар явахгүй байх. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлаар аймгийн хэлтэс агентлагуудын дарга нар сумдад очвол сумын Засаг дарга нар томилолтыг нь бөглөж өгөхгүй байх үүргийг өглөө. Мөн ямар ч албан тушаалтан сумд ирэхэд сумын төвөөс гарч угтах, үдэх асуудлыг зогсоохыг үүрэгдэв. Энэ жилээс эхлэн жил бүр аймагт зарлагдаж буй тендерүүдийг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд дуусгаж, тавдугаар сарын нэгэн гэхэд ажлаа эхлүүлдэг болгох. Аймгийн ЗДТГ-ын 70461212 нээлттэй утсанд иргэдээс ирж байгаа саналуудад бүх хэлтэс агентлагууд заавал хариу өгөх ёстой гэв. Хэрэв иргэний асуусан асуултанд тодорхой хариулт өгөхгүйгээр “Судалж байна” гэсэн тодорхой бус хариулт өгсөн тохиолдолд тухайн байгууллагад хариуцлага тооцно гэдгийг анхааруулав. Төрийн бүх шатны хүнд суртлыг арилгаж эрх, үүрэг, хариуцлага гурвыг нэг түвшинд байлгаж ажилтнуудтайгаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа анхаарч ажиллахыг санууллаа. Ирэх долоо хоногийн удирдлагуудын ээлжит мэдээлэл солилцох уулзалт аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээр зохион байгуулагдах юм.
Б.Мягмарсүрэн