Жилд 70-80 хүн цус харвадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-13 17:49:19

Дорнод аймгийн хэмжээнд жилдээ 70-80 хүн цус харваж, тэдний 10 орчим нь насбарж, үлдсэн нь хөдөлмөрийн чадвараа алддаг гэж Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэргэжлийн эмч ярьж байна. Дээрх дүгнэлтийг гаргахдаа гурван жил дараалан хүн амын дунд цус харвалтын судалгаа явуулжээ.

Насны хувьд 51-59, үүн дотроо эрэгтэйчүүд талаас илүү хувийг эзэлж байна. Гаднын орнуудад цус харвалтын бөглөрсөн хэлбэр зонхилдог бол манай улсад тархины судас хагарах, бөглөрөх хэлбэр аль аль нь тэнцүү тохиолддог гэнэ.

Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Мэдрэлийн тасагт жилд 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгийн дийлэнх нь цус харвалт, нурууны болон нүүрний захын эмгэг, булчингийн эмгэг, толгой, нурууны өвдөлт байдаг байна. Тус тасгийн эрхлэгч М.Жигжидсүрэн “Өнөө цагт амьдралын буруу хэвшлээс үүдэж айл гэрт толгой, нуруу нь өвддөггүй хүн гэж үгүй болсон. Гэтэл манайхны олонхийн ойлголтоор архи уугаад, өөхтэй мах өдөр шөнөгүй идэж, телевиз үзэж хэвтчихээд эм уугаад даралтаа эмчилчихнэ гэсэн ойлголттой хүн олон бий” гэж байлаа.

Даралт ихсэх, цаашлаад цус харвалтаас сэргийлж болох энгийн арга бол биеийн жингээ хэвийн хэмжээнд барих гэнэ. Хэвийн жингээс 1 кг-аар илүү байхад л даралт 10-аар нэмэгдэх нөхцөл бүрддэг байна.

                                                                                                                                Б.Туяа

相关新闻