С.Бямбацогт: Эрүүгийн хуулиар хэт шоронжуулах бодлогоос татгалзана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан. Уг хуульд өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан зэрэг дэвшилттэй зохицуулалт нэлээд туссан. Гэвч хуулийг судлан үзэхэд хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
Хорих ялын доод хэмжээ 7-30 хоног байсныг зургаан сараас дээш байхаар хуулийн төсөлд тусгасан шалтгааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тодруулсан. Гэмт хэрэг, зөрчил үйлдэж 7-30 хоног хорих ял шийтгүүлсэн иргэдийг нэг хорих ангиас нөгөө хорих руу шилжүүлэхэд дамжин өнгөрүүлэхэд байх хугацаа, хорих ялаас мөрдөн байцаалт явуулсан хугацааг хасч тооцдог зэргээс үүдэн хэрэгтнийг бүрэн хорьж чаддаггүй. Мөн энэ хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хүмүүс нь харьцангуй хөнгөн зөрчил үйлдсэн байдаг тул заавал хорих бус, торгох, нийгэмд тустай ажил хийлгэх зэргээр шийтгэх боломжтой юм. Тиймээс хорих ялын доод хэмжээг зургаан сар байхаар тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд, цаашдаа шууд 7-30 хоног баривчлах зэрэг хэт шоронжсон бодлогоос татгалзана хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэх, доромжлох асуудлыг Эрүүгийн хуульд оруулсан уу. Өмнөх хуулийн төсөлд авлига өгсөн бус зөвхөн авсан хүнд нь ял ногдуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, бусдыг гэмт хэрэгт уруу татчихаад өөрөө зүгээр өнгөрч болохгүй. Уг заалтыг өөрчилсөн үү хэмээн лавлав. Хуулийн төсөлд хүн гүтгэх гэдгийг хоёр ангилсан. Сонгуулийн үед нэр дэвшигчийг гүтгэсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Харин бусад тохиолдолд зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ” хэмээн ажлын хэсгээс хариуллаа.
Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, "Энэ хуулиар авлига өгсөн болон авсан хүмүүс бүгд ял эдэлнэ. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудалд 1-12 сая төгрөгийн торгууль ногдуулдаг байсныг 5-27 сая болгосон. Албан тушаалаа урвуулан ашигласан хүнийг найман жилийн хугацаанд л тэнсэн харгалзах ялгүйгээр хорих болно” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжив.
Ч.Ариунболд