Дархан-Уул аймагт “Дулаан шийдэл” төслийн хоёрдугаар шатыг амжилттай хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-07-04 16:58:26

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Европын Холбооны СВИЧ-Эшиа II хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл нь хувийн сууцны салбар дахь тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлд чиглэсэн бодлогыг дэмжих, Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах болон эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай байх зээлийг бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй.


Гэр хорооллын амины орон сууцыг дулаалах замаар дулаан алдагдлыг бууруулах улмаар хүлэмжийн хий, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа төсөл билээ. Төслийн эхний шатыг 2018-2022 онд хэрэгжүүлж, энэ хугацаанд Монгол орны нөхцөлд тохирсон дулаалгын шийдлүүдийг хөгжүүлэн, тус чиглэлд хүний нөөцийг бэлтгэж, ард иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамруулах зорилгоор арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажилласан төдийгүй олон нийтийн оролцоонд суурилсан "Хялбар аргаар байшингаа дулаалах" аяныг амжилттай зохион байгуулсаар ирсэн нь  анхны томоохон алхам байв.

Харин 2022 оноос эхэлсэн хоёрдугаар шатанд төсөл илүү өргөн цар хүрээтэй болж, Улаанбаатар хотод төвлөрч байсан үйл ажиллагаагаа Дархан-Уул аймаг руу тэлж байна. “Дулаан шийдэл” төсөл нь зөвхөн байгаль орчны тогтвортой байдлыг дэмжээд зогсохгүй, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, дулааны алдагдлыг бууруулан, эрчим хүчний зардлыг хэмнэх бодит үр дүнг бий болгож байгаа нь төслийн үнэ цэн юм. Үүний зэрэгцээ барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тасралтгүй сургаж, дадлагажуулан, тэдгээрийг төслийн хэрэгжилтэд идэвхтэй оролцуулж байгаа нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал алхам болж байна. Цаашид төслийн хүрээнд боловсруулсан цогц хэрэглэгдэхүүнийг олон аймгуудад хүргэхээр зорьж байгааг төслийн баг онцолж байна.

Дулаан шийдэл төсөл нь хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн оны 7 сард Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон Дарханы Дахин Төлөвлөлт ААТҮГ-тай байгуулсан бөгөөд жил орчимын хугацаанд дараах ажлуудыг хийгээд байна

Дулаан шийдэл төслийн нээлтийн үйл ажиллагаа

Төслийн нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор 2024 оны 10 дугаар сард зохион байгуулсан. Уг нээлтэд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо, аймгийн Байгаль орчны газар, Европын Холбооны санхүүжилттэй Найрамдал төсөл, Жайка Японы ОУБ-ын зөвлөхүүд, банк, санхүүгийн байгууллагууд, төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцсон. Энэхүү уулзалтаар цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон төслийн зах зээлийн загварыг хэлэлцсэн юм. 


Дархан-Уул аймагт суурь судалгаа амжилттай хийлээ

Судалгаанд Дархан-Уул аймгийн 300 өрх хамрагдсан бөгөөд баримт бичиг болон 36 чанарын ярилцлага дээр тулгуурлан үр дүн гаргасан болно. Судалгаанд хамрагдсан өрхийн 39 хувь нь хувийн сууцаа дулаалж байсан ч, дулаалга хийгээгүй өрхүүдийн зарлагатай харьцуулахад халаалтын улиралд нүүрсний хэрэглээ, цахилгааны зардал буураагүй байгаагаас харахад дулаалга стандартын дагуу хийгдэхгүй байна гэж дүгнэж болно. Ихэнх өрхүүд халаалтаа уламжлалт зуух, нүүрсээр шийдэж байгаа нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Хувийн сууцны техникийн шинжилгээгээр дулаалга муутай, барилгын материал болон арга барил дутмаг байснаас шалтгаалан дулааны алдагдал ихтэй байна.

Дархан-Уул аймагт Дулаалгын бригад болон зөвлөхүүдийг бэлдэв

Дархан-Уул аймгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй элсэлтээ зарлаж “Дулаалгын бригад” “Дулаалгын зөвлөх” гэсэн хоёр багц сургалтыг зохион байгуулж 26 дулаалгын ажилтан бэлтгээд байна. Үүний үр дүнд амины орон сууцны дулаалга хийх, дулаан алдагдлыг хэмжих чадвартай ажиллах хүчинг Дархан-Уул аймагт нь бэлдэж цаашлаад дулаалгын зах зээлийн суурь тавигдсан билээ. 

 Дарханы 350 айл “Хялбар шийдэл”-ээр дулаалгаа хийжээ

Хялбар шийдэл аян нь хямд өртөгтэй, гарын доорх материалаар хялбар аргаар байшингаа дулаалахыг зорилтот бүлгийн өрхүүдэд уриалах, дулаалгын ач холбогдлыг иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Уг аяныг 2024 оны 10–12 дугаар сард Дархан-Уул аймагт зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 350 айл өрх байшингаа хялбар аргаар дулааллаа. Мөн иргэд өөрийнхөө байшинг дулаалаад зогсохгүй, таван хөршдөө мэдээлэл өгч идэвхтэй оролцсон 70 өрх урамшуулал болгож 5см-ийн зузаантай дээврийн дулаалгыг Дулаан шийдэл төслөөр хийлгэжээ.

Энэ мэт олон санаачилгыг Дархан-Уул аймагт өрнүүлж байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаатай танилцахаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй хүндэт төлөөлөгчид 5-р сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт зочилсон. Айлчлалын үеэр Элчин сайд “Хялбар шийдэл” аяны хүрээнд 5 см дээврийн дулаалгын урамшуулал авсан өрхөөр зочлов. Айлынхан дээврийн дулаалга хийх явц нь маш энгийн байсан бөгөөд дулаалсны дараа цонх болон таазаар цан цохидог байсан нь больж, дулаанаа илүү хадгалж, хүүхдүүд ханиад хүрэх нь багассан гэв. Тус аймагт төсөлтэй хамтран ажиллаж буй иргэний нийгмийн байгууллага болох Улаан Загалмайн дунд шатны хороо төслийн Дархан дахь аян нь зорилтот айлууддаа хүрч ажиллаж чадаж байгаа бөгөөд цаг хугацаа нь их тохиромжтой байсан гэдгийг илэрхийллээ.

 

相关新闻