Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-нд тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-02 11:03:55

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 онд хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.

Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байгаа бөгөөд Н.Энхболд, Л.Болд, Д.Лүндээжанцан гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна. Комиссоос 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд Олон улсын Үндсэн хуулийн байгууллага (IACL)-д гишүүнээр элсэх бэлтгэл ажлыг эхлүүлэх, “Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг”  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон Үндсэн хуулийн уг эхийг ойн үеэр Төрийн түүхийн музейд байршуулж, олон нийтэд сурталчлах, зэрэг 20 шахам арга хэмжээ багтжээ.

Ч.Ариунболд

相关新闻