Өнөө цагийн уран дархчуудын шилмэл сор бүтээлийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-04 16:11:50

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гурван жил тутам зохион байгуулдаг “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр нээлээ.  


Өнөө жилийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. 

 

Үзэсгэлэн нь монгол  дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж хэлэхдээ, монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ. Ялангуяа төрт ёсны уламжлал, түүх, соёл, бэлгэдэл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг гээд  нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг, соёлын хосгүй өв гэдгийг онцлов. Мөн өвөг дээдсийнхээ уран дархны ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулан, улс орныхоо түүх, өв соёлыг бүтээж байгаа дархад, урлаачдад сайн сайхныг хүсэж, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын ерөөл дэвшүүллээ.



Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэснээс ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр шилдэг 20 бүтээлийг шалгаруулж тэргүүн дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.


-Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” -“Занабазарын хийц” төрийн бус байгууллага

-“Мөнгөн цар аяга”-Уран дархан Б.Баярсайхан

-Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга”-Уран дархан Н.Бат-Эрдэнэ

-“Хүннү эмээл”- “Мөнгөн талст” урлангийн бүтээл тэргүүн бүтээлээр шалгарлаа.


Мөн ЕТГ-ын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардуулав.


Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дархан, урчууд оролцож байгаа ажээ. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо,  “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.


Уг үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. 


Ташрамд дурдахад, Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч,  “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутам зохион байгуулж буй юм.
















 

相关新闻