Биеийн тамир, спортын салбарын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн тамирчид жил бүр шинэ оны босгон дээр хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэж, өнгөрөгч оны амжилтаа дүгнүүлэн шилдгүүдээ шалгаруулдаг. 2016 оны Сүхбаатар аймгийн тамирчдын хувьд ололт амжилт арвинтай жил болж өнгөрч байна.
Учир нь 2015 онд тамирчид 161 багц медаль авч байсан бол энэ онд 265 болж медалийн тоо 40 хувиар нэмэгдсэн байна. Мөн Дэлхий болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 14 медаль хүртжээ. Энэ бол урьд жилүүдэд байгаагүй өндөр амжилт гэдгийг цохон тэмдэглэж байлаа.
Аймгийн хэмжээнд 21 клуб, спортын холбоод хичээллэж байна. Эдгээр клуб холбоодод хичээллэж байгаа тамирчидынхаа бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг нь бүрдүүдлэх, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ирээдүйн шилдэг тамирчид бэлтгэх, холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс эхний шилдэг арван холбоонд аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын зүгээс тус бүрт нь 500 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байгаа. 2015- 2016 он биеийн тамир спортын салбарт 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Энэ бүхэн дээрээ тулгуурлаад зөвхөн тамирчидаар хязгаарлах биш нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр мөн тусгайлан хөрөнгө тусгаж ажиллах бодлогыг барин ажиллаж байна хэмээн аймгийн БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Өлзийтогтох хэллээ.
2016 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээн 28 төрлөөр явагдсан бөгөөд үүнд нийт 2780 тамирчин оролцсон байна.
Сүхбаатар аймгийн 2016 оны Шилдэг дасгалжуулагчаар С.Төмөрхуяг, Үндэсний спортын шилдэг дасгалжуулагчаар Ц.Энхбат, Шилдэг эрэгтэй тамирчинаар Л.Тэмүүлэн, Шилдэг эмэгтэй тамирчинаар С.Тамир, Үндэсний спортын шилдэг тамирчинаар Л.Одсайхан нар шалгарлаа. Харин Шилдэг холбоогоор Үндэсний сурын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, Шатрын холбоод тус тус шалгарлаа.
Т. Одончимэг