Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй бол хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь мэдээллийн эхэнд хэлэхдээ тус хууль өмнөхөөсөө хэд хэдэн давуу байдлаар батлагдсан. Тухайлбал, эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгосон хэмээв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тоо 38.8 хувьд хүрэхийн зэрэгцээ энэ нь улам харгис хэрцгий шинжтэй болоод байгаа юм. Тиймээс энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг тогтоодог боллоо. Өмнө нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн 90 орчим хувь нь шүүхийн шатанд хохирогч нь гомдлоо татсан байдлаар дуусдаг байсан. Ингэснээр асуудлыг даамжруулах, амь насанд хүрэх хүртлээ бугшсан байдалд хүргэдэг байв. Харин одоо аюулын байдлын зэргийг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж тогтоохоор болсон. Уг хууль ирэх оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжих тул энэ хугацаанд Засгийн газар, холбогдох яамдуудад хуулийн хүрээнд дагалдах долоон журмыг батлах үүрэг, чиглэлийг өгсөн" гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагууд итгүүлэх, албадах аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх, сургалт мэдээлэл явуулах, хуулиа сурталчлан таниулах чиглэлээр өргөн хүрээтэй ажиллах юм. Хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээр холбогдох эдийн засгийн зардлыг ирэх оны улсын төсөвт суулгаагаагүй ч, олон улсын байгууллага, дотоод нөөц боломжид тулгуурлан шийдэхээр болсон гэв.