Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувиар нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-19 13:41:55

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл, сургалт, дадлагатай танилцлаа.


Энэ үеэр нуранги, өндөр, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч нохдын үзүүлбэрийг сонирхуулсан юм. Ерөнхий сайд алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харлаа. Юуны өмнө Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.


Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэж, албажуулан, ирэх жилийн төсөвт тусгана. Тэр дундаа онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулна. Эдийн засаг хүнд байгаа ч энэ жилдээ гадаадын зээл тусламж, дотоодын нөөц бололцоогоор ОБЕГ-аас тавьсан тоног төхөөрөмжийн шинэчлэлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ.


Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар тэмдэглэжээ. Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ.


Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, 2015 оны есдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотод гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн аж.



 

相关新闻