Хөгжлийн банк оршин тогтнохын тулд нэг их наяд төгрөгөөр дүрмийн сангаа нэмэхээс аргагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-23 13:36:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд хэлцэж буй асуудлаар асуулт асууж, зарим асуудлыг тодруулсан. Үүний дараа Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжсэн болон эс дэмжиж буй байр сууриа гишүүд илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Хөгжлийн банк шалгалтын дүнг шуурхай хэлэлцье.Үүний зэрэгцээ зээл аваад төлөлт хийгээгүй бол тухайн компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй. МАН-ын гишүүдийн оролцоотой компаниуд байсан ч зээлээ төлөөгүй бол хариуцлага тооц.Хөгжлийн банкийг цаашид улстөргүйгээр авч явах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,"Тус банк оршин тогтнохын тулд одоо нэг их наяд төгрөгөөр дүрмийн санг нь нэмэхээс өөр аргагүй болсон байна. Хэлцэж буй асуудлыг дэмжиж байна. Өнөөдөр хууль хэрэгжихгүй байгаад хамаг асуудлын зангилаа байгаа шүү" гэв.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, "Тогтоолын төслийг дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд 200 компанид 5.9 их наяд төгрөгийн зээл олгосны нэг их наяд нь арилжааны банкаар дамжуулж олгогдсон зээл. Эдгээр зээл нь төлөгдөх боломжтой. Гэтэл төр оролцож олгосон зээл нь эргэн төлөгдөх боломжгүй байна. Эндээс харахад төр оролцсон ажил болгон эзэнгүй болдог гажиг тогтолцоо үүсчээ. Хөгжлийн банкны зээл нь манай улсын нэг жилийн орлоготой тэнцэж байгаа. Иймд Хөгжлийн банкнаас олгосон зээлийг жил бүр шалгаж, эргэн төлүүлдэг байх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн үгэндээ тус банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр бус 500 тэрбум төгрөгөөр нэмэх нь оновчтой юм гэсэн хувилбар дэвшүүлэв.  Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 69.4 хувь нь үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Б.Туул

相关新闻