Олон хүнийг хордуулсан хэргээр 11 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Эрхүү хотод нөөцөлсөн байсан спирт агуулсан ванны лосьоныг зарж борлуулан, олон хүнийг хордуулсан хэрэгт холбоотой байж болох 11 хүнийг баривчилсан гэж тус хотын Дотоод хэргийн газрын дэд дарга өнөөдөр мэдэгдлээ.
Спирт агуулсан "Боярышник" /Долоогоно/ гэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд олон хүмүүс хордсон хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрхүү хотод гарсан билээ.
Хордлогын улмаас 58 хүн нас бараад байгаа бол 40 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Мягмар гарагт Оросын Мөрдөн байцаах хороо метилийн спиртийг жижиглэнгээр болон бөөндөж зарсан бизнес эрхлэгчид болон тэдний компаниудын ажилчид болох 9 хүнийг уг хэрэгт сэжиглэн түр саатуулаад байгаа аж. Шингэнийг хураан авах ажиллагаа хот даяар үргэлжилсээр байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, мөрдөн байцаагчид худалдаалах цэгүүдэд 11 удаагийн шалгалт хийж, 100 гаруй хүмүүсээс байцаалт авч, спирт агуулсан 6500 л шингэнийг хураан авчээ.
Х.Сарнай