Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд дотоодын эв нэгдлийг хадгалах нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-21 11:45:38

“Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг энэ сарын 29-нд тэмдэглэхтэй холбогдуулж уг  бага хурлыг ЕТГ, БХЯ хамтран зохион байгууллаа. 

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ, "Монголчууд өдгөөгөөс 105 жилийн тэртээ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр төр улсын бүх бодлого, үйл ажиллагааг тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон онцлогтой. Тэр түүхэн цаг үеэс хойш манай батлан хамгаалах бодлого Монгол төрийн байнгын түшиг, соргог манаа нь болж үеийн үед энэ үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн, уламжлалт бодлогын нэг байсаар иржээ. Өнөөдрийн зохион байгуулж буй "Тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго бол туулж өнгөрүүлсэн түүхээ эргэн харах, одоо болоод ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн авч явах гарц, шийдлийн талаар эрдэмтэн судлаачдын саналыг өргөн олонд хүргэх, эх түүхээ хойч үедээ сурталчлан таниулахад чиглэж байгаа юм" гэлээ.

Тус хурлаар “ХХ зууны Монголын геополитикийн орчин”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ, батлан хамгаалах бодлогын ач холбогдол”, “Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улсын хил тогтоосны ач холбгдол” зэрэг сонирхолтой сэдвээр эрдэмтэд, судлаачид илтгэл тавих юм. Түүхч Д.Өлзийбаатар энэ үеэр "Монголчуудын үндэсний тусгаар тогтнолын баталгаа бол төр улстай байгаа явдал юм. Улмаар өөрийн улстөр, эдийн засаг, цэрэг гэхчлэн дотоодын асуудлаа бүрэн даан шийддэг бүрэн эрхийг тусгаар тогтнол гэж хэлж байгаа юм. Хэн нэгний хараат биш байх нь тусгаар улсын илэрхийлэл. Гэхдээ тусгаар улс нь хэврэг байх уу, эсвэл бат бэх байх уу гэдэг өөр нэг асуудал. Иймээс дотоодын эв нэгдлийн асуудал маш чухал. Дотоодын эв нэгдэл ямар ч сул дорой орныг хүчирхэг болгодог. Дотоод байдал тогтворгүйтэхээр тухайн улс аюултай байдалд өртдөг. Цаашлаад тусгаар байдлаа алдаж байна. Хэдхэн жилийн түүхийг харвал үндэсний эрх ашгаа өөрсдөө хамгаалж чадахаа байсан жишээг дэлхийгээс харж болохоор байна. Энэ бол том сургамж. Тиймээс тусгаар тогтнолоо бэхжүүлж байх нь бидний хамгийн анхаарах ёстой асуудал юм" хэмээн онцолж байв.

Эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻