АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-19 15:03:08

АН-аас тус намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар үнэмлэхээ гардав.

Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу дээрх нэр дэвшигчид нь материалаа бүрдүүлж өгсөн байсан юм. Нэр дэвшигч М.Чимэддорж нь намын даргын Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн байсан ч дэнчингийн мөнгөө байршуулаагүй гэдэг шалтгааны улмаас түүний нэрийг түдгэлзүүлжээ.

АН-ын даргад өрсөлдөх таван нэр дэвшигчийг танилцуулж байна.

Норовын Алтанхуяг-1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн яамны сайд. 2008-2012 онд УИХ-ын гишүүн. 2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн шадар сайд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.

Жалбасүрэнгийн Батзандан-1974 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсын Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Лувсанням овогтой Гантөмөр- 1973 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1996-1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол Шинжлэх Ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдаар ажиллаж байсан.

Содномзундуйн Эрдэнэ- 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн Ам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

Дондогдоржийн Эрдэнэбат- 1959 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн Газрын гишүүн, Аж Үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжилнэ. 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалт 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамарч татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй юм.

Б.Туул 

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻