Хүн амын өсөлт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээгээр аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 1159 эх амаржиж, 1167 хүүхэд эсэн мэнд төржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 119 буюу 9,3 хувь, хүүхдийн тоо 110 буюу 8,6 хувиар тус тус буурч хүн амын цэвэр өсөлт буурсан байна. Нялхасын эндэгдэл 27 болж 3 хүүхдээр өсчээ.
Эрүүл мэндийн байгууллагууд 229 мянган хүнд үзлэг хийсэн байна. Энэ нь өмнөх оноос 2,5 мянган хүн буюу 1,1 хувиар буурчээ. Харин 12 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өнгөрсөн оноос 5 орчим хувиар өсчээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт 81,7 мянган хүн хамрагджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 1215 болж, өмнөх оноос 488 хүн буюу 67,1 өссөн байна. Ингэж огцом өсөхөд улаан бурхан, цусан суулга, салхинцэцэг, тэмбүү, гар хөл амны өвчин өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин түргэн тусламжийн дуудлага 15 мянган удаа гарсаны 4,2 мянга буюу 27,5 хувийг алсын дуудлага эзэлсэн байна.
Т. Одончимэг