"Бэлийн чулууны бодрол" нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод нутгийн унаган охин Хардэл овогт Шаравжамцын Дугар агсны "Бэлийн чулууны бодрол" яруу найргийн шинэ ном, түүний орчуулсан Австралийн нэрт зохиолч Димфна Кьюсакийн "Хар гялбаа" романы нээлт саяхан аймгийн төв номын санд боллоо.
Дугар агсан 30 гаруй жил хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсохын зэрэгцээ шүлэг уран зохиол, орчуулгын бүтээл туурвиж явсан уран бүтээлч нэгэн байлаа. Эмч хүний энэрэнгүй сэтгэлийн зөөлөн дулаан хэмнэл бүхий уянгын болоод ухаарал сэхээрэл хайрласан олон сайхан шүлгүүд "Бэлийн чулууны бодрол" номд оржээ.
Тэрээр 20 гаруй жил Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн уран бүтээлчидтэй цуг байж Дорнодын гэсэн нэгэн ай савд багтаж явсан яруу найрагч соён гэгээрүүлэгч байсан. Амьд ахуйдаа "Амьдралаас амсахуй" яруу найргийн анхны номоо хэвлүүлж уншигч олонд өргөн барьжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээ ном болгон баринтаглаж амжаагүй байсныг нь үр хүүхэд, уран бүтээлийн анд нөхөд нь ийнхүү хос номыг хэвлүүлж хүслийг нь гүйцээлээ. "Хар гялбаа" роман нь Австралийн зохиолчдын бүтээлийг анх удаа Монголд орчуулж байгаагаараа онцлог юм.
Б.Туяа