Орон нутгийн шилдгээр “Дорнод” телевиз шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-13 10:54:28

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл жил бүр Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. 2016 оны Монгол Улсын Орон нутгийн шилдэг телевизээр Дорнод медиа группын  “Дорнод” телевиз тодорлоо.

Тус телевиз байгуулагдаад 5 жил болж байгаа юм. Орон нутагтаа болж буй үйл явдлыг “Дорнодын өнгө” мэдээллийн хөтөлбөрөөр цаг алдалгүй  шуурхай мэдээлж, “Амжилт өөд”, “Гарц байна уу”, “Ногоон хот” зэрэг танин мэдэхүй, улс төр, эдийн засаг, нийгмийн олон чухал үйл явдал, тулгамдаж буй асуудлыг хөндөж, мэргэжлийн ур чадвараараа манлайлсан амжилтыг нь ийн үнэлжээ.

Энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо болсон Хэвлэл мэдээллийн салбарын “Оны шилдэг”-үүдийг тодруулах ёслолд оролцож шагналаа гардсан тус телевизийн Гүйцэтгэх захирал Ц.Энхболор:

-МСНЭ хэмээх мэргэжлийн хамгийн том байгууллагаар оны ажлаа дүгнүүлж шилдгээр шалгарсандаа баяртай байна. Манай телевиз “Бодитоор харуулж үнэнээр мэдээлнэ” уриатай ажилладаг. Орон нутагт чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байна гэлээ.

Дорнод медиа группт “Дорнод” телевиз, “Дорнод” сонин, “Дорнод зон” сэтгүүл, Дорнод медиа.mn сайт багтдаг. Орон нутгийн анхны медиа групп юм.

                                                                                                                                              Б.Туяа

相关新闻