“Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриа дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЖил бүрийн 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдөр тохиодог. Тэгвэл энэ жил дэлхий нийт “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэж байна.
Хүний сайн сайхан байдал, тэгш эрхийг баталгаажуулах нь энх тайван амьдралын үндэс болохыг дэлхийн хоёрдугаар дайны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл хүн төрөлхтөнд ойлгуулсан. Тиймээс энэ уй гашууг дахин амсахгүйн тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо баталсан түүхтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орчин үеийн хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээний “ээж” гэж хэлж болно. Тунхаглалд хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан хүн төрөлхтний нийтээрээ хүлээн зөвшөөрсөн анхны баримт бичиг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулсан бөгөөд үүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.
Дээрх тунхаглал нь нийт 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх суурь гэдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг.
Б.Заяа