Аялал жуулчлалын шилдгүүдийг 9 номинациар шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах "Golden compass Mongolian tourism gwards-2016” ёслолын арга хэмжээг энэ сарын 28-нд зохион байгуулахаар болжээ.
Зохион байгуулагчид аялал жуулчлалын салбарт манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд таниулан алдаршуулах, шилдэг санал санаачилга, ололт амжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, шилдэг туршлагыг хуваалцах, үйлчилгээний мэргэшсэн зөв стандартыг тогтоон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн стандартад хүргэх зорилгоор уг ёслолыг зохион байгуулж байгаа аж.
Манлайлагчдыг шалгаруулахдаа олон улсын тогтвортой аялал жуулчлалын “TraveLife” байгууллагаас гаргасан тогтвортой аялал жуулчлалын шалгуур үзүүлэлтийн Монголд Улсад зориулсан загварчлалыг ашигласан байна. Мөн нийгмийн хариуцлага, тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг харгалзсанаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ болох “TripAdvisor”,“Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийг харгалзжээ.
Шилдгүүдийг "Аялал жуулчлалын шилдэг үйл ажиллагаа/фестиваль", "Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар", "Аялал жуулчлалын салбар дахь шилдэг хөрөнгө оруулалт", "Шилдэг ресторан/хоолны газар", "Шилдэг жуулчны бааз", "Шилдэг зочид буудал", "Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага", "Шилдэг outbound аяллын компани", "Шилдэг inbound аяллын компани" гэсэн 9 номинациар шалгаруулна.
Б.Туул