“Аав, ээжээ намайг сонсооч” зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-12-05 10:54:18

“Аав, ээжээ намайг сонсооч” эцэг эхийн анхдугаар зөвлөлгөөнийг Дорнод аймагт анх удаа Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд 1-12 дугаар ангийн 240 гаруй эцэг, эх оролцож, хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал чухал. Иймд сургууль-багш-эцэг эх-сурагчдын холбоог сайжруулахад зөвлөлгөөний ач холбогдол оршино гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.

Энэ үеэр аймгийн Гэр бүл залуучуудын газрын мэргэжилтэн хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, гэр бүлийн харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлөх сэдвээр лекц уншиж, эцэг эхчүүд үүнд ихэд талархалтай хандсан. Эцэг эхийн өдөр тутам гаргадаг энгийн алдаа, эцэг эх, багш, сурагчдын эрхэмлэх зүйл сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Дорнод аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд хулгайн гэмт хэрэгт холбогдох нь их байгаа юм. Иймд аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн албаны мэргэжилтэн Алтантуяа мэдээлэл өгсөн нь цаг үеэ олсон ажил боллоо. Уг зөвлөлгөөнөөс сургууль эцэг эх, багш сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах эерэг үр дүнг хүлээж байгаагаа оролцогчид хэлж байсан. Зөвлөлгөөнөөс "Эцэг эх-багш” сурагчдын дагаж мөрдөх соёлыг тусгасан уриалгыг гаргалаа.

                                                                                                                                   Б.Туяа

相关新闻