“ Forbes“-ын  жагсаалтад ордог Оросын депутат  мандатаа тушаана 

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-12-01 09:23:23

“Нэгдсэн Орос” намын Төрийн думын депутат Александр Скоробогатько мандатаа буцааж байна. Холбогдох хуулийн төслийг Төрийн дум ирэх сарын хоёрны өдөр хэлэлцэх гэж буй юм. Депутатын энэхүү шийдвэр парламентын тэргүүн  Вячеслав Володины санаачилсан "Думын сахилгыг  чангатгах"  тухай  хуультай  уялдаатай  хэмээн Төрийн дум  үзжээ.

Энэ сарын 28-нд Думын депутат Александр Скоробогатькогийн бүрэн эрхийг  яаралтай цуцлах тухай тогтоолын төсөл Думын мэдээллийн санд  гарсан. Тэрээр Төрийн думд гурван удаа сонгогдон ажилласан нэгэн билээ. Тогтоолын төсөлд, ноён Скоробогатько өргөдлөө өөрөө өгсөн хэмээн дурджээ. Тэрээр Краснодар мужаас Төрийн думын 7 дахь удаагийн сонгуульд сонгогдохын тулд  нам доторх сунгаанд өрсөлдөж гишүүдийн саналаар тунаж үлдсэн билээ. Тэрээр  өөрийн хөрөнгийг 745 сая рублиэр мэдүүлжээ. Ноён  Скоробогатько  “Forbes” сэтгүүлийн жагсаалтад 2008 оноос орсон аж.

“Холбооны хурлын гишүүний статус болон Төрийн думын депутатын статусын “тухай Хуулийн 4  дэх зүйлд зааснаар, хугацаанаас нь  өмнө депутатын бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт  өөр ажилд шилжих, гадаад улсын  иргэншил авсан тохиолдолд хугацаанаас өмнө эрхийг нь түдгэлзүүлдэг". Тэгвэл “Коммерсантъ” сонинд уламжилж буйгаар “Депутат Скоробогатько өөрийн бизнесийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргаж байна” гэжээ. Түүний нэгэн түншийн яригаар, Скоробогатькогийн компани 2016 онд дахин 6 том худалдааны төв барихаар төлөвлөсөн юмсанжээ.

Төрийн думын дэд спикер Игорь Лебедев /Оросын Либерал ардчилсан нам/ энэ тухай сэтгүүлчдэд  ярихдаа, “Түүнийг би олон жилийн өмнөөс  мэдэх  хүний хувьд  одоогийн энэ  ажлын хатуу журам түүний сэтгэлд нийцэхгүй байх хэмээжээ. Скоробогатько  бол бизнесмен хүн, тэр нэгийг нөгөөтэй нь хослуулах гэтэл болохгүй байна. Хэрвээ чи 7 хоногийн турш өөрийн фракци дээр байнга хуралтай байхад ,  ямар  бизнес байхав  дээ” гэж Игорь Лебедев  ярив.

Сонирхуулахад, Орос улсын Төрийн думын шинэ спикер Вячеслав Володин  анхнаасаа   төрөөс намын санхүүжилт хийхийг  дэмжиж, намын бизнес, спонсоруудын нөлөөг  багасгахын төлөө байр суурийг баримтлагчдын нэг юм.  Иймд ноён  Александр Скоробогатько Охотный рядыг /Төрийн Дум энэ  гудамжинд байдаг / орхиж  явах "сүүлчийн" депутат биш бололтой.    

А.Огторгуймаа

相关新闻