Протоколд нэгдэн орох хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-23 16:47:34

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийн соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. 

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр нь буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ сарын 11-ний байдлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орноос 96 нь хэлэлцээрт нэгдэн ороод байгаа аж. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь нийт 3 хэсэг, 37 заалттай юм.

Манай улс уг хэлэлцээрт манай нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажих; худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсны үндсэн дээр чадавхиа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх; дэд бүтцийг барьж байгуулах, ялангуяа худалдааны корридор, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, худалдааны зардлыг бууруулахад чиглэсэн хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь дэмжиж, “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийн соёрхон батлах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 91.7 хувийн саналаар тогтоолын төслийг батлав. Уг чиглэлээр Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, орон тоо, хүний нөөцийн чадавхид үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газруудын үндсэн чиг үүрэг, ажлын ачаалал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр ач холбогдол, байршлыг нь шинэчлэн тодорхойлж, шаардлагатай бол өөрчлөн зохион байгуулах санал бэлтгэх, Гадаад харилцааны яамны газар, нэгжүүд, ялангуяа Хөрш орнуудын газрын үйл ажиллагааны зорилт, чиглэлийг оновчтой тодорхойлж, чадавхи, албан хаагчдын мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах үүрэг өгч байгаа юм. Тогтоолын хэрэгжилтийг тус Байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Н.Туяа

相关新闻