Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 605.6 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-18 18:04:10

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлав.

Үндсэн чиглэлийг Эдийн засгийн өсөлт өрх бүрт, Хот байгуулалт, дэд бүтэц, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглал гэсэн 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд боловсруулжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа өсгөж, хотын иргэдээ ажилтай орлоготой болгох боломжийг бүрдүүлэх нь “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрт” хэсгийн гол зорилт юм. Зорилтын хүрээнд Налайх, Багануурын үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаа болон Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ. Дагуул хот, дэд төв, дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бизнес төвүүд байгуулах ажлыг эхлүүлэх аж.

Хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх юм. Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг шинэчилж, дэд бүтцийн салбарт шинэ техник технологи нутагшуулахаар төлөвлөж байна. Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлуулж, гэр хорооллын суурьшлын бүсийг бие даасан, ухаалаг дэд бүтэц бүхий хэсэгчилсэн байдлаар төлөвлөж, иргэдийн оролцоотой хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Хотын дарга хэллээ.

Тэрбээр, “Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн агаар, усны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн хот болгон хөгжүүлнэ. Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түвшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барилга барих буюу өргөтгөх ажлыг зохион байгуулна. Эрүүл мэндийн загвар өрхийн эмнэлгийн төвүүдийг байгуулна.

Засаглалын зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ. Мөн төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх зэрэг зорилтыг дэвшүүлж байна. Эдгээр зорилтуудыг бид ирэх 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үндсэн чиглэлийг боловсрууллаа. Үндсэн чиглэлийг улсын төсвөөс 80.4 тэрбум, нийслэлийн төсвөөс 183.7 тэрбум, гадаадын зээл тусламжаас 301.8 тэрбум төгрөг, 241.3 сая ам.доллар болон төр, хувийн хэвшлийн түншлэлээс 39.7 тэрбум төгрөг (нийт 605.6 тэрбум төгрөг, 241.3 сая ам.доллар)  зарцуулна ” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг 2017 оны үндсэн чиглэл эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд нийслэлийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх чухал заалтуудыг оруулсан тул дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Харин АН-ын бүлгээс үндсэн чиглэлд хэд хэдэн асуудал нэмж тусгах шаардлагатай гэдгийг санал, дүгнэлтдээ тусгав. Тухайлбал, Ахмадын орон сууц, Түрээсийн орон сууц хөтөлбөр болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын үйл ажиллагааг чанар, үр дүнгийн индексээр тооцож, урамшуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Мөн 72 байршилд бага сургууль, цэцэрлэг барих ажлыг үргэлжлүүлэх, гэр хорооллын өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь чөлөөлөх, давхар авто зогсоол байгуулах, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг захын хорооллуудад байгуулах зэрэг санал гаргав.

Хуралдаан төлөөлөгчдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻