А.Овечкин 909 дэх гоолоо орууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 1. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин тус лигийн аварга шалгаруулах тэмцээнд 909 дэх гоолоо оруулснаар өөрийн тогтоосон шилдэг мэргэн буучийн амжилтыг шинэчиллээ.
"Нью-Йорк Айлендерс"
багтай талбайд нь хийсэн тоглолтын 60 дахь минутанд Овечкин хаалгачийг хуурч,
хоосон хаалганд шайб оруулсан байна. Мөн нэг оновчтой дамжуулалт хийснээр тэрбээр
энэ улирлын 26 тоглолтод оролцохдоо
12 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт өгөөд байна. Түүнчлэн дөрвөн тоглолтод дараалан оноо авлаа.
Одоогийн байдлаар Овечкин NHL-ийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн явцад нийтдээ 739 гоолын дамжуулалт өгөөд байгаа нь лигийн түүхэнд 52 дугаарт бичигдэх үзүүлэлт юм. Мөн NHL-д хийсэн тоглолтын тоогоор 22 дугаарт /1517 тоглолт/ бичигдэж эхэллээ. Сонирхуулахад, Овечкин лигийн аваргад 909 гоол, Стэнлийн цомд 77 гоол оруулснаар нийт 986 гоолтой болжээ. Харин 1016 гоол /894+122/ оруулсан домогт Уэйн Гретцки энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм. Тэдний гоолын зөрүү 30 болоод буй энэ үед Овечкин шинэ дээд амжилт тогтоох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
"Нью-Йорк Айлендерс"
багтай хийсэн тоглолтод
вашингтончууд 4:1 харьцаагаар хожсон бөгөөд Овечкиноос гадна ялсан багийн Том
Уилсон (8 ба 34 дахь минут), Алексей Протас (59) нар
шайб оруулжээ. Харин нью-йоркчуудын цорын ганц гоолыг Бо Хорват 54 дэх минутанд
хийлээ.
Хоёр баг хоёулаа Нийслэлийн дивизионд тоглож байгаа бөгөөд “Вашингтон Кэпиталз” хожил авснаар 32 оноотой болж, III байр руу дэвшлээ. Харин "Айлендерс" 29 оноотойгоор зургаадугаарт бичигдэж байна.
Дараагийн тойрогт “Вашингтон” баг 3-ны өдөр “Лос-Анжелес” багтай талбайд нь
тоглох бол “Айлендерс” баг тухайн өдөр талбайдаа “Тампа”-г хүлээн авна.
Ulaanbaatar