Дифлимпын наадмаас Япон улс түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-27 12:36:08

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /Kyodo/. Токиогийн Дифлимпын наадам лхагва гарагт өндөрлөж, зохион байгуулагч Японы тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 51 медаль хүртжээ. 


Японы нийслэлд 12 хоногийн турш үргэлжилсэн Дифлимпын хаалтын ёслол “Tokyo Metropolitan Gymnasium” спорт цогцолборт боллоо. Япон улс энэ тэмцээнийг түүхэндээ анх удаа зохион байгуулсан юм.


Илүү хүртээмжтэй нийгмийг цогцлоох зорилгоор зохион байгуулсан уг наадамд 81 улс орон, бүс нутгийн 3000 орчим тамирчин спортын 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Нийт 270 орчим тамирчнаас бүрдсэн Японы баг төлөөлөгчид анх удаа бүх уралдаан тэмцээнд оролцсон байна.


“Сонсголын бэрхшээлтэй тамирчдын гайхалтай гүйцэтгэлийг харах нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст урам зориг, итгэл найдвар бэлэглэсэн” гэж Токио хотын захирагч Коикэ Юрико ёслолын үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. “Сонсголын бэрхшээлтэй тамирчдын спорт нь үнэ цэнийг бий болгож, боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг харуулж байна” хэмээн Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын хорооны тэргүүн Адам Коса наадам дууссаныг албан ёсоор зарлахын өмнө хэлжээ.


Сонсголын бэрхшээлтэй тамирчдаараа алдартай Украин улс энэ жил 32 алтан медаль хүртсэнээр медалийн чансааг дахин тэргүүлсэн бол АНУ 17, Япон 16 алтан медаль тус тус хүртсэн амжилтаар удаалсан байна. Японы Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны мэдээлснээр, Японы тамирчид нийт 16 алт, 12 мөнгө, 23 хүрэл медаль хүртжээ.


Наадмын тэмцээн уралдаанууд болсон ихэнх байгууламж нь нийслэл хот болон түүний ойр орчимд төвлөрсөн байсан бол дугуйн уралдаан Японы төв нутгийн Шизүока мужид болсон байна. Харин зүүн хойд нутагт орших, гамшигт нэрвэгдсэн Фүкүшима мужид хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсанаар тус бүс нутгийн сэргэлтийг тодотгон харуулжээ.


Тэмцээн зохион байгуулагдсан бүх газарт иргэд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой байсан бөгөөд наадмын үеэр болсон тэмцээн уралдаанууд нь сонсголын бэрхшээлтэй хүмүүс болон дохионы хэлний талаарх ойлголтыг нэмэгдүүллээ. 

 


相关新闻