Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ. 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /ТАСС/. Италийн теннисний шигшээ баг Дэвисийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Испанийн багийг 2:0 харьцаагаар хожсоноор гурав дахь удаагаа дараалан цомын эзэн боллоо. Финалын тоглолт Италийн Болонья хотод болжээ.
Эхлээд Маттео Берреттини Испанийн теннисчин Пабло Карреньо-Бустаг 6:3, 6:4, хоёр дахь тоглолтод Флавио Коболли Испанийн Хауме Мунарыг (1:6, 7:6 (7:5), 7:5) харьцаагаар тус тус хожсон байна. Ганцаарчилсан төрөлд тооны харьцаа тэнцсэн тохиолдолд багууд хосын төрөлд өрсөлдөж аваргыг тодруулах байлаа. Берреттини, Коболли хоёроос гадна Лоренцо Сонего, Андреа Вавассори, Симоне Болелли нар Италийн шигшээгийн бүрэлдэхүүнд багтжээ. Харин дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн Карлос Алькарас, чансааны хоёрдугаарт бичигдэж буй Италийн Янник Синнер нар Дэвисийн цомд оролцсонгүй.
Ийнхүү Италийн шигшээ баг уг
цомыг дөрөв дэх удаагаа өргөлөө. Испаничууд уг тэмцээнд нийт 6 удаа, хамгийн
сүүлд 2019 онд түрүүлжээ. Цомыг хүртсэн тоогоор АНУ-ын шигшээ баг дээд амжилт
үзүүлсэн бөгөөд нийтдээ 32 удаа аваргалсан байна. Харин Оросын теннисчид 2002,
2006, 2021 онуудад гурван удаа түрүүлжээ.
Дэвисийн цом бол 1900 оноос хойш
зохион байгуулагдаж буй эрэгтэй теннисчдийн хамгийн том тэмцээн юм.
Ulaanbaatar