Милан-Кортинагийн Олимпын галыг асаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-27 11:13:39

АФИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /AP/. Милан-Кортинагийн өвлийн Олимпын галыг лхагва гарагт асааснаар галт бамбарын буухиа эхэллээ. Грекийн баруун нутагт цаг агаар муудсаны улмаас зохион байгуулагчид Олимпын гал асаах ёслолыг музей дотор явуулахаас аргагүйд хүрчээ. 


Галыг тусгай толины тусламжтайгаар нарны цацрагаас асаадаг уламжлалтай боловч тэнгэр бүрхэг байсан тул даваа гаргийн бэлтгэлийн үеэр богино хугацаанд нартай байхад асаасан нөөц дөлийг ашигласан байна.


Грекийн сэлүүрч Петрос Гайдацис галт бамбарын буухиаг эхлүүлсэн бөгөөд Италид аваачсаны дараа 10 мянга орчим гүйгч наадам эхлэхээс өмнө орон даяар буухиална. Өвлийн наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох юм.


“Энд зогсож байгаа нь миний хувьд мартагдашгүй, сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна” гэж Олон улсын Олимпын хорооны тэргүүн Кирсти Ковентри хэлжээ. Энэ оны гуравдугаар сард үүрэгт ажилдаа орсон тэрбээр галт бамбар асаах ёслолыг анх удаа удирдан явуулж байгаа юм. “Өнгөрсөн хийгээд одоо үе бодитоор нэгдэж байгаа мэт санагдаж байна. Өнөөдрийн ёслол бидэнд наадам яг юуг илэрхийлдгийг сануулж байгаад туйлын баяртай байна” гэж тэрбээр онцоллоо.



Бүгд Найрамдах Итали Улс өвлийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа боловч зардал хэтэрсэн, барилгын ажил саатал зэргээс шалтгаалан бэлтгэл ажилд хүндрэл тулгараад байна. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн хүсэн хүлээж буй зүйл их байгааг онцолж байгаагаас дурдвал, 116 медаль олгох тэмцээнүүдийг багтаасан хөтөлбөр, уулын цанын анхны тэмцээн, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, NHL-ийн тоглогчид Олимпын хоккейд эргэн ирэх зэрэг юм.


Галт бамбарыг Грекийн нутгаар богино хугацаанд буухиалсны дараа ирэх 12 дугаар сарын 4-нд Италийн талд хүлээлгэн өгөх бөгөөд үүний дараа зохион байгуулагч орны 110 мужаар 63 хоногийн турш үргэлжлэх 12 мянган км-ийн буухиа эхэлнэ. Ийнхүү соёлын дурсгалт газрууд болон зохион байгуулах газруудыг дайран өнгөрсний дараа Миланы “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд авчрах ажээ. 


Харин гуравдугаар сарын 6-15-ны хооронд болох өвлийн Паралимпын наадмын галыг хоёрдугаар сарын 24-нд Паралимпын өлгий нутаг болох Английн Сток-Мандевилл сууринд асаана.

相关新闻