Г.Баяртуяа: Чингис судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн санд 3000 гаруй ном зүйн мэдээлэл бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Чингис судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан”-гийн нээлт Үндэсний номын сангийн салбарын шинэ байранд өнөөдөр боллоо.
Нээлтийн үеэр МУҮНС-ийн номзүйч Г.Баяртуяа ярихдаа, “Манайх өмнө нь өөрийн сан хөмрөгтөө тулгуурлан судар бичиг болон орчин үеийн ном хэвлэлээр ном зүйн бүртгэл гаргаж байсан. Тухайлбал, 2008 онд “Чингис хааны нэр бүхий судар бичгийн дурсгалууд”, 2011 онд “Чингисийн холбогдолтой номын санамж өгөх” зэргийг гаргасан юм. Өнгөрсөн жилээс энэ ажлаа өргөжүүлж, бусад эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран нэгдсэн мэдээллийн сан үүсгэн Чингис хаан судлалын судлагдахууныг өргөжүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэ нь Чингис судлалын ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэх, суурь судлагдахуун болно” гэв.
Уг нэгдсэн мэдээллийн сан нь сан хөмрөгтөө буй ном судраа нээн таниулж, уншигч судлаачдын хүртээл болгох зорилготой ажээ. Түүнчлэн үүссэн мэдээллийн баазаа Үндэсний номын сангийн цахим сайтад байршуулж, олон нийтийн хүртээл болгохоор зорьж байгааг нээлтийн үеэр дурдлаа. Одоогийн байдлаар бүх баримтаа нэгтгэн 3483 ном зүйн мэдээлэл бүхий “Чингис судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан” үүсгэжээ. Үүнд, гар бичмэл 136, монгол хэлээрх ном 1702, тогтмол хэвлэл дээрх өгүүлэл, нийтлэл 716, номон доторх гарчиг 190, англи 68, араб 9, орос 364, турк 92, япон 192, хятад хэлээр 23 ном орсон байна.
Уг мэдээллийн санг үүсгэхийн тулд ШУА-ийн
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбартай хамтран
ажиллаж, олон улсын ном зүйн программ Зотерог ашиглажээ. Энэхүү программ нь
онлайн орчинд нэгдсэн сан үүсгэж, хаанаас ч харилцан ашиглах боломжтой юм. Мөн
эрдэмтэн судлаачдад эрдмийн ажил хийхдээ ишлэл зүүлт авах, ном зүйн жагсаалтыг
бичилтийн стандартаар буулгаж гаргах зэрэг ажлыг бүрэн хөнгөвчилсэн программ
болжээ.
Ulaanbaatar