Г.Одон судалбар, судалгааны зураглал зурж сурах нь чухал болохыг онцгойлон зөвлөж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-03 15:12:17

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн Төрийн шагналт, Ардын зураач, нэрт уран бүтээлч багш Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Зураач Г.Одон нь Монголын дүрслэх урлагийн XX зууны дунд үеийн төлөөлөгч бөгөөд түүний уран бүтээлүүд социалист реализмын үзэл санааг үндэсний ахуй соёлын онцлогтой хослуулснаараа онцлог  юм.

 

Тус хуралд Монгол, БНСУ, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач, уран бүтээлч, багш нарын 27 төлөөлөл оролцож, Г.Одонгийн уран бүтээлийн өв, онцлог, Монголын уран зургийн хөгжилд оруулсан түүхэн гавьяаны талаар илтгэл хэлэлцүүллээ. 

 

Шинжлэх ухааны доктор Ц.Эрдэнэцог илтгэлдээ, "Зураач, багш Г.Одон “Судалбар зургийн тухай”, “Хээрийн дадлага ажил” зэрэг судалбар зураг зурах талаар цуврал өгүүлэл бичиж, “Дүрслэх урлаг” сэтгүүлд нийтэлж байжээ. Мөн зураач болох эрмэлзлэлтэй суралцагчдад байгалийн судалбар зураг, хөрөг, сэдэвт бүтээл туурвих үндэс болсон “Судалбар зураг” судалгааны зураглалын талаар суурь мэдлэгийг олгож байв. Зураач мөн бүтээл туурвилын эх үндэс болох таталбар зураг, “этюд” буюу богино хугацаанд байгаль дээр тэмдэглэж зурах судалгааны ажлын арга зүйг зааж, үлгэрлэн зурж үзүүлж байсан” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, "Түүний уран бүтээлийн гол үндэс нь  амьдралын орчноос харж мэдэрсэн сэтгэгдлээ уран бүтээлдээ яруу сайхнаар тусгах арга замыг эрэлхийлдэг байсан. Жинхэнэ чадварлаг зураач болохын тулд судалбар зураг болон судалгааны зураглал зурж сурах нь чухал үйл явц болохыг онцгойлон зөвлөж байсан. Таталбар зураг зурахдаа зураачид хоромхон зуур харагдах байгалийн байдлыг гаргаж, зурдаг тул зураачийн чадвар, мэдрэмжийг хөгжүүлэх гол арга болдог. Зураач Г.Одон 1950-иад оноос зураач, сайн дурын уран бүтээлч бүрийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд аймгийн урчуудын салбартай хамтарч судалбар зургийн аян зохион байгуулж байсан" гэв. 

 

МУБИС-ийн Гоо зүйн боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Золзаяа, "Хүүхдийн гоо зүйн боловсрол нь нийгмийн харилцааны явцад бие хүн болон төлөвших, оюун санааны үнэт зүйлсийг хүндэтгэх, урлагийн бүтээлийг мэдрэх, үнэлэх чадварт суралцах боломжийг олгодог чухал хүчин зүйл юм. Үүнээс гадна уран зураг, уран баримал, зураасан зураг, чимэглэх урлагийн бүтээлтэй танилцах нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, харааны ой тогтоолт, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хоорондын холбоо хамааралд эерэг нөлөө үзүүлдэг онцлогтой. Дүрслэх урлагийн бүтээлтэй танилцуулах явцад хүүхдүүд уран зураг, уран баримал, наамал, чимэглэлийн бүтээлийн агуулгын уялдаа холбоо, дүрслэлийн онцлог шинж чанарыг танин мэдсэнээр тухайн уран зургаас юуг харж, мэдэрч ойлгож байгаагаа өгүүлэхээс гадна тайлбарлах чадвартай болдог гэж илтгэлдээ онцлов.

 

Ц.Золзаяа нь судалгааны ажлын хүрээнд 4-5 настай хүүхдэд уран зураг танилцуулах аргачлалыг туршиж, үр дүнг тооцох, хүүхэд өөрийгөө илэрхийлж буй байдал болон хүйсийн ялгаатай байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг судлах хэрэгцээ шаардлага бий болсон байна. Энэхүү судалгааны өгөгдөлд зураач Г.Одонгийн “4 ҮЕ” бүтээлийг сонгож авчээ.

 

МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, магистр Б.Галбадрах, "Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээл болох  “Ажлын дараа” бүтээлд алтан огтлолын харьцаа болон бусад зохиомжийн хуулиуд хэрхэн тусгалаа олсныг зураг зүйн  байгуулалтын аргаар судалсан. “Ажлын дараа” бүтээлд намар цаг өвс хадлан бэлтгэх их ажлын үеэр ажлаа дуусаад амарч байгаа хадланчдыг дүрсэлсэн. Ид ажлын үеэр ажлаа таслан, сэлгүүцэж яваад ирсэн залууг тойрсон яриа, сургамж бүтээлийн гол сэдэв болдог. Тухайн бүтээлийн хадланчдын ахлагч хижээл эр болон ярианы сэдэв болсон залуу хархүү нарыг гол дүрүүд гэж үздэг. Алтан огтлолын харьцааг тусгасан байгуулалтын үр дүнд тэдгээр дүр бүтээлийн гол дүр болж тохирч буй эсэхийг шалгахад нийцэж байгаа талаар илтгэлдээ дурдав.


Дэлхийн болон Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх алдартай бүтээл, түүний дотроос уран зургийн бүтээл үеийн үед үзэгчид, сонирхогчдын анхаарлыг татаж байдаг. Гоо сайхан, үнэ цэнээ алдахгүй гайхашруулсаар байдгийн нэгэн нууц нь зураач, зохиомж, уран сайхан, гоо сайхны туйлын зохистой харьцааг олж, уран чадвараар найруулан, төгс боловсруулан  бүтээсэн байдагтай холбоотой аж. Энэхүү зохистой  харьцааны гол шалгуур нь “Алтан огтлолын харьцаа” бөгөөд алдар цуутай олон бүтээлд тусгалаа олжээ.






 

相关新闻