Туул усан цогцолбор бий болсноор жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-03 12:39:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.


Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилготой юм.


НЗДТГ-ын мэдээлснээр, тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байна. Нийт 5569 ам метр талбайд хэрэгжүүлэх аж. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна. Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгохоос гадна үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөжээ. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа юм. Гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50-100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.


БНЭУ-ын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 19000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750.000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.


Улаанбаатар хот ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772.450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.


相关新闻