Паралимпын алтан медальт П.Греко 28 насандаа таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-17 16:32:23

СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /AFP/. Австралийн тамирчин, Паралимпын наадмын алтан медальт дугуйчин Пейж Греко 28 насандаа “гэнэтийн өвчний улмаас” таалал төгссөн талаар түүний ар гэрийнхэн өнөөдөр мэдэгджээ. 


П.Греко 2021 оны Токиогийн Олимпод эмэгтэйчүүдийн C1-C3 ангиллын 3000 м-ийн тэмцээнд түрүүлж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж байсан юм. Тэрбээр мөн C1-3 төрлийн уралдаанд хүрэл медаль хүртсэнээр дугуйн хоёр төрлийн аль алинд нь шилдэг өрсөлдөгч гэдгээ баталж байв.


Австралийн тамирчин ням гарагт Аделаид дахь гэртээ нас баржээ. “Түүнийг таалал төгссөнд бид маш ихээр эмгэнэн гашуудаж байгаагийн зэрэгцээ түүний бүтээсэн хувь хүн хийгээд Австралийг төлөөлж байсан амжилтаар нь бид туйлын их бахархаж байна” хэмээн түүний ээж Натали Греко “AusCycling” холбоогоор дамжуулан мэдэгдсэн байна.


“Пейж спортоор дамжуулан бий болгосон харилцаа холбоогоо нандигнадаг нэгэн байсан бөгөөд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсныг мэдэх нь бидний сэтгэлийг тайтгаруулж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. П.Греко мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс /ДАШТ/ олон шагнал хүртэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Бельгид болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.


“Пейж бол манай спортын хамгийн өндөр түвшинд гайхалтай амжилт гаргасан ер бусын тамирчин байсан юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр эерэг сэтгэлгээ, зоригтой хандлагаараа эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд нөлөөлж байлаа” гэж “AusCycling”-ийн гүйцэтгэх захирал Марне Фехнер дурсан ярьжээ.  

 


相关新闻