Охтани “Үнэ цэнтэй тоглогч”-оор дахин шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-14 16:12:55

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /NHK/. Хойд Америкийн мэргэжлийн бейсболын “Major League Baseball” лигийн “Лос-Анжелес Доджерс” багийн Японы супер од Охтани Шохэй “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг /MVP/ дөрөв дэх удаагаа хүртлээ. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг гурав дахь жилдээ дараалан хүртэж байна. 


Охтаниг Үндэсний лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор санал нэгтэйгээр сонгосныг пүрэв гарагт мэдэгджээ. “Үнэ цэнтэй тоглогч” шагналыг Америкийн лигийн нэг шилдэг тоглогч, Үндэсний лигийн нэг шилдэг тоглогчид олгодог. Тэгвэл “Филадельфи Филлис”-ийн тоглогч Кайл Шварбер хоёрдугаар байрт, “Нью-Йорк Метс” багийн тоглогч Хуан Сото гуравдугаар байрт оржээ.


Охтани одоо бейсболын түүхэнд хамгийн олон MVP шагналыг хүртсэн амжилтаар Америкийн алдарт тамирчин Барри Бондсын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Б.Бондс карьерынхаа туршид долоон MVP шагнал хүртсэн юм. Японы тамирчин мөн уг шагналыг дараалан хүртсэн тоогоор Б.Бондсын араас хоёрдугаарт жагсаж байна. Б.Бондс 2001-2004 оны хооронд дөрвөн жил дараалан MVP цолыг хүртсэн юм. Харин Охтани сүүлийн гурван жил дараалан энэ шагналыг хүртээд байна.


Охтани телевизэд ярилцлага өгөх үеэрээ MVP шагналыг хүртсэн нь маш том нэр төрийн хэрэг хэмээн хэллээ. Тэрбээр Шварбер, Сото нарыг сайшааж, гайхалтай тоглогчидтой хамт нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөх нь сэтгэл хөдөлгөм байсныг онцолжээ. Охтани мөн Дэлхийн цомд түрүүлсэн багийн нэг хэсэг байх нь гайхалтай байсан хэмээн ярьсан байна. Түүнчлэн MVP шагналыг хүртсэн амжилтаар улирлыг дуусгаж чадсандаа баяртай байгаагаа хэлээд, энэ бүх амжилтад хүрэхэд тусалсан хүн бүхэнд талархал илэрхийлжээ.

相关新闻