Махачев Цагаан ордонд цолоо хамгаалах хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. Оросын тулаанч Ислам Махачев Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн хагас дунд жингийн аварга цолоо Цагаан ордонд болох тэмцээний үеэр хамгаалах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр ням гарагт болсон хагас дунд жингийн аваргын төлөөх тулаанд Австралийн тулаанч Жек Делла Маддаленаг ялсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Үүнээс өмнө тэрбээр 2022 оны 10 дугаар сараас 2025 оны тавдугаар сар хүртэл UFC-гийн хөнгөн жингийн аварга цолыг эзэмшиж байсан бөгөөд хагас дунд жингийн ангилалд тулалдахын тулд цолоо өгчээ.
"Цолоо би хэзээ хамгаалах вэ? Дональд Трамп, Цагаан ордноо нээгээрэй, би очиж байна" гэж Махачев хэллээ.
АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тохиолдуулан UFC холбооны тэмцээнийг Цагаан ордны дотор зохион байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп долоодугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Тэмцээнийг ирэх оны долоодугаар сарын 14-нд зохион байгуулах ажээ.
Махачев хоёр дивизионд UFC-гийн аварга цолыг хүртсэн Оросын анхны, түүхэн дэх 11 дэх тулаанч болжээ. Тэрбээр мөн 16 тулаанд дараалан ялж, UFC-гийн дунд жингийн аварга асан Андерсон Силвагийн дээд амжилтыг давтсан байна.
Өдгөө 34 настай Махачев холимог тулааны дэвжээнд /MMA/ 28 удаа ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Бразилийн тулаанч Адриан Мартинст ялагджээ.
Ulaanbaatar